Сакура дэлгэрээд ямар гоё вэ...




Хавар ирлээ гээд Монголд яргуй дэлгэрдэг бол энд сакура гэгч ер бусын үзэсгэлэнт хөөрхөн цэцэгс японы хамгийн дулаан урд хэсгээс эхлэн хойд хэсгийг зүглэн дэлгэрдэг. Энэ цэцэг цайвар ягаан өнгөтэй бөгөөд газраар биш тэнгэрээр ургадаг.Тэнгэрээр гэсний учир нь жижиг жижиг ягаан дэлбээнүүд хаврын зөөлөн салхинд туугдан агаарт нисэлдэх үзэгдэлийг хараад ийнхүү
бодолхийлсэн юм.
Энэ цэцэгт зориулан сакурагийн цэцэрлэгт хүрээлэнг олноор бий болгосон байх бөгөөд түүн дотроос алдартай нь Үэно цэцэрлэгт хүрээлэн.Гурван сар болон , сакура дэлгэрч дууссан үеэр бүх япончууд сакуран баяр хийнэ.Бүгд өөр өөрсдийн дэвсгэрээ авч ирэн , амттан шимттэн ээ дэлгээд ууж идэцгээн сакуран модны доор хөөрөлдөн суудаг.
Ноднин жилийн гуравдугаар сарын сүүлээр би анх удаа сакурагийн томоохон баярыг үзэхээр Үэногийн цэцэрлэгт хүрээлэнг зорив.Тэнд нэгэн найзтайгаа болзсон байв.
 Үэно галт тэрэгний буудалд буугаад  амаа ангайтлаа гайхав.Тэр үед л би японыг их хүнтэй жижиг газар нутагтай ард түмэн гэдгийг нүдээрээ харсан юм.
Намайг галт тэрэгний буудал дээр буухаас эхлээд галт тэрэгний буудлаас гарах хаалга хүртэл ямар ч хурдан алхах арга байхгүй бөөн хүмүүсийн түгжрээ үүссэн байсан бөгөөд  цуваа болгоны 5 алхам тутамд цагдаа нар зогсон зохицуулалт хийж байв.Мэдээж ямар нэг үл ойлголцол шахцалдаан, биендээ түвэг удсан үйлдэл нэг ч байхгүйгээр.Энэ бол япон орон шүү дээ.

Тэгэж явсаар гадаа гараад ирлээ.Болзсон цагаасаа нилээд хэдэн минут хоцорсон би найзруугаа залгах гэтэл утасны сүлжээ огт байхгүй болсон байв.Эргэн тойрноо нэг ажиглатал бүх хүмүүс утсаа барин гайхан зогсцгоох...Зарим нэг нь өндөрлөг газар зогсон мессэж илгээж байгаа гэлтэй гараа өндөрт савчина.Би хүлээж цөхрөн , утсаа оролдсоор байтал утасны цэнэг ч дуусаад өгөв.
Асар их хүмүүс нэг газар цугласанаас болоод утасны сүлжээ унасан нь энэ байж.
За ингээд энэ олон хүн дунд найзыгаа олно гэдэг ч талаар боллоо.Ганцаараа ямар ч гэсэн цааш цэцэрлэгт хүрээлэнрүү зүглэхээр шийдэв.

Үэногийн цэцэрлэгт хүрээлэн нь том талбай гэхээсээ илүү хоёр талаараа мод тарьсан уртаа гудамж загвартай.Тэр том гудамжны голоор хүмүүс алхацгаах бөгөөд хоёр талын модод нь сакурагын модод.
Сакура дэлгэрэх баярыг тохиолдуулан хүмүүс моддын доор дэвсгэр татан хил залгацгаан суусан байв. Үнэхээр урт гудамж байх бөгөөд хоёр захаар нь ягаан асар том том модод ... түүнээс үе үе унан салхинд туугдах жижигхээн хөөрхөн сакуран дэлбээнүүд.Түүний доор баяр хөөр бололдон дуу хуур болцгоон найрлах япон хүмүүс.Харин гол хэсгийн нарийн жимээр сакураг үзэн баясах зочид алхацгаана.Би тэр голын хэсэгт л явж байв.

Сакура цэцэг нь ганц хавар дэлгэрдэг үзэсгэлэнт хөөрхөн цэцэг.Энэ цэцэг дэлгэрч эхлээд бараг долоо л хоногийн хугацаанд мөчир дээрээ бат тогтох бөгөөд удалгүй л агаарт нисэлдээд явчихна.Мөн түүнчлэн бүх япончуудыг баяр хөөрт урин дууддаг хөгжилтэй хөөртэй баярын эзэн юмсанж.Энэ цэцгийг харах төдийд хавар ирж байна даа гэсэн халуун дулаан сэтгэгдэл төрөхөөс гадна, ил орны соёл , гайхамшигийг нүдээр харан баясах боломжтой.
Сакура дэлгэрээд ямар гоё вэ...

Comments

Popular Posts