Нагац ах
Нэгэн ахынхаа талаар өнөөдөр гэнт дурсав.Бор царайтай, дээр үеийн Монгол кинон дээр гардаг жүжигчид шиг хөрслөг царайлаг төрхтэй, намхан нуруутай ч маш чанга булчинлаг биетэй инженэр мэргэжилтэй сэхээтэн ах надад байв.Би анх тэр ахтайгаа 5 настай байхдаа танилцаж байв.
Гэхдээ яг үнэндээ тэрнээс өмнө намайг дөнгөж төрөөд байхад л намайг тэр ах маань хараад танилцчихсан байсан л даа харин миний хувьд ухаан ороод түүний дүрсийг бодолдоо шингээж авсан нь 5 нас. Манайх тэр үед хөдөө байдаг байсан бөгөөд аав ээж маань залуу гэр бүл, залуу хосууд. Тэр хоёр маань нэгэн зун өөрсдийн гараараа, өөрсдийнхөө ногоон дээвэртэй өвлийн байшингаа босгов.Хөдөөний найр ямар гоё болдог гэж санана. Би тэр үед шинэ байшинтай болсондоо биш хурдан байрны найр болж хот хөдөөний олон зочид манайд ирнэ гэхээс л тэсгэл алдаж байсан байх.
Найр боллоо.Найртай зэрэгцээд айлын ганц хүү эрэгтэй дүүгийн маань үсний найр. Түм түжигнэж бум бужигнана гэх ч л боллоо доо. Миний мэдэхгүй баахан олон царайнууд, манай хашаагаар баахан олон машинууд эгнэчихсэн.Ихэнхи нь жигтэйхэн ганган манай сумын хүмүүсээс их л өөр шинэ харагдаад байв.Бүгд намайг өхөөрдөнө. Ажилсаг хүүхэд гэж магтана.Баахан амттанаар бялууртлаа шагнуулна... Харин тэр дунд нэг л хүн надад их л элгэмсүү бүүр танил дотно санагдаад байв.
Тэр манай нагац ах.Бусдаасаа нэг л өөр бараг чанга үг дуугарахгүй бөгөөд цэнхэр судалтай биеийн тамирын хувцас нь түүнд их л зохисон харагдана. Хүмүүс найрны өглөө сэрч чадахгүй нойрондоо дийлдэн унтаж байхад тэр хүн өнөөх царайлаг биеийн тамирын хувцастайгаа гудамж уруудан, өгсөн гүйгээд өгнө. Тэгэж гүйх бүрдээ надаас хамт гүйх үү хө гэж яг л найзаасаа асууж байгаа юм шиг асууна. Тэр үед манай нагац ах 3 хүүхэдтэй байсан.
Ирсэн зочид буцах болов.Тэр үед манай нөгөө ах надаас .... чи бидэнтэй хамт манай явахгүй юмуу, тэнд эндээс олон байшин олон гоё цэцэрлэгүүд байгаа даа... гэж асуудаг юм байна. Би чинь ээж ааваасаа айна, дээрээс нь гэрээсээ холдоод ганцаараа явж чадна гэдэгтээ их л итгэл муутай байсан ч гэсэн ахын жолоодож ирсэн тэр ногоон сонин машинд суугаад холын хол явна гэхээр л сэтгэл зүрх булиглаад ирэв. Тэгээд ээж аавдаа би хамт явмаар байн аа гээд л шууд хэлчихэв.Манай ах ч үүнд сэтгэл баахан ханамжтай байгаа нь илт бөгөөд ... манайд очоод олон юм сурнаа ... гэж хэлээд хацрыг минь барьж байсан. Ингэж энэ ах маань надад хамгийн анх удаа гэрээсээ хол аав ээжгүйгээр , ах эгчгүйгээр явж болдог гэдгийг зааж өгсөн юм.
Том боллоо манайх хотод ирэв.Манай ах одоо улам том дарга болжээ. Аймгийн холбооны инженэр бөгөөд хотод түүнийг танихгүй байхгүй.Маш чадварлаг нэр хүндтэй хүн гэдгийг нь би тэр зун хотод ирэхэд нь мэдсэн. Би тэр үед бага сургуулийн 4р анги байв.Манай ах манайд ажилаар иржээ.Тэр миний нүдэнд огт хөгширөөгүй л харагддаг байв.Магадгүй их спортлог хүн байсан болохоор өөрт нь нөлөөлдөг байсан ч мэднэ.Гэхдээ тэр ах маань маш их тамхи татдаг , бараг бүх өмд нь тамхиний цогонд түлэгдчихсэн байдаг байсансан. Өнөөх л цэнхэр бэлтгэлийн хослолтойгоо манайд. Өглөө гүйнэ.
Энэ удаагийн ирсэн хэрэг нь төв шуудангаар орж баахан хүмүүстэй уулзах юм гэнэ. Би тэр үед бас л жаахан. Манай ах надаас асуув.... заа чи чинь одоо хотын хүн болоо биздээ, ахдаа газарчилаарай? чадна биздээ, маргааш хоюулаа төв шуудан орно гэв. Би ч угын элдэв газарлуу тэнэх дуртай юм болохоороо ЗА гээд л хэлэв. Дээрээс нь зуны амралт байсныг хэлэхүү...
Ах бид хоёр явж гарлаа. Үнэндээ ахын надаар зам заалгах гэж юу байх билээ дээ...Зүгээр л ах маань тийм л хүн байсан юм. Хүүхдэд элгэмсүү, шинэ содон зүйл танилцуулахыг хүсдэг, чөлөөтэй байх орчин нөхцөлийг өөрөө бүрдүүлж өгөхийг хүсдэг.Тийм болхоор намайг тийм газарлуу жоохон хүүхэд ч бас орж болдог юм гэдгийг л ойлгуулах гээд байсан байгаа юм.
Ахыг орсон газар болгоны хүмүүс нь бөөн баяр хөөр болоод л, элдэв амттанаар дайлаад л байсныг нь би тэр үед нэг их гайхаж хүлээж аваагүй ч гэсэн ямар ч байсан ямар олон хүмүүс яагаад таниад байдаг байнаа л гэж бодож байж билээ.Манай ах чинь уул нь эндхийн хүн биш юмсан... Тэр үед анх удаагаа конпютэр гэдэг юмны ард сууж үзэв. Би эвдэлчихвий гэж айгаад бараг хүрээгүйгээ маш тод санадаг.
Тэр өдөр Улаанбаатарын шиврээ бороотой дулаан өдөр байв.Ахтай явсан тэр аялал хэзээ ч санаанаас гардаггүй юм... Надад байсан цорын ганц нагац ах. яагаад цорын ганц вэ гэвэл тэр ахыг гарч ирсэнээр би нагац ах гэдэг үгийг шинээр сурж авсан юм. Түүнээс бусад ах нар бол жирийн л ах нар. Харин тэр ах маань миний цорын ганц заавал нагац ах гэж онцолмоор ах байсан юм. Тамхины дотно үнэртэй,гэдэс нь чулуу шиг хатуу булчилтай , гэртээ байнга цэнхэр бэлтгэлийн хослол өмсдөг тэр мэдлэгтэй ухаантай ахыгаа өнөөдөр яагаад ч юм хачин их санав.Та минь тавтай нойрсож байгаа биз ээ... яг одоогийн надад яг юуг заах байсан бол, хаашаа явъя гэж асуух байсан бол...
2013.03.03
Comments
Post a Comment