Үс чинь халцарсан бол эмчид үзүүл! Гуйж байна...


Яг энэ асуудалтай тулгараад түүнийгээ нэг их тоолгүй явж байгаа хүмүүст хандан үүнийг бичиж байна.

Одоогоос яг нэг сар 10 хоногийн өмнө би өөрийн үсний арын хэсэгт маш том халцархай үүссэнийг олж мэдсэн юм. Ойролцоогоор 4 хурууны өндөгний хэмжээтэй талбайд ямар ч үс байхгүй болсон байсан бөгөөд манай эмэгтэй дүү олж мэдэн надад хэлсэн.

Эхэндээ бага зэрэг сандарч, сэтгэлээр унаж байсан ч аав ээжийн зөвлөснөөр хар бэх улаан тариа буюу Витамин В13 зэргийг түрхээд аяандаа энэ асуудал мартагдах тийшээ болов.

Бүгд л одоо үс чинь удахгүй ургана, санаа зоволтгүй, зүгээрээ угаасаа ийм зүйл ихэнх хүнд тохиолддог гэх зэргээр тайвшруулж байв. Би ч ажил ихтэй заримдаа хар бэхээ түрхэнэ, заримдаа түрхэхгүй.

Гэтэл түүнээс 14 хоног орчмын дараа миний үсний урд хэсэгт дахин хоёр газар халзарсан байхыг олж мэдлээ! Чөтгөр аваг. Яг тэр олж мэдсэн мэдрэмж үнэн гунигтай. Тэгээд би ч ер нь болохоо байлаа гэж бодон дотроосоо витамин ууж эхэллээ.

Нэлээн олон төрлийн витамины агууламжтай үрлүүдийг ууж, аль болох эрт унтаж, их идэхийг хичээж болов. Энэ хооронд яагаад намайг эмнэлэг ороогүй юм бэ гэж та бодож байгаа байх. Мэдээж нөгөөх л за маргааш, завгүй байна, өнөөдрийн ажлаа эхлээд дуусгая гэсэн бодлоос болоод эмнэлэг рүү явахгүй байсаар байлаа.

Ингээд бараг 14 хоног ахиад өнгөрлөө. Миний үс ч нэг их ургаж байгаа юм алга. Асар нарийн ширхэгтэй хэдхээн ширхэг үс нэмэгдсэн харагдана. Өнөөхтөө бас баяснаа чааваас. Тэгээд нэг өглөө босоод ажилдаа явах гэсэн нэг л биш. Би үнэхээр их ядарч байлаа. Бүр ямар ч босож явах хүсэл байсангүй. Тэгээд би биеэ чагнав. Бие минь надад яаралтай эмч дээр оч гэж хэлж байна.

Тэр өглөө би ажлаас чөлөө аван эхлээд өрхийн эмнэлэг оров. Би Баянгол дүүрэгт харяалагддаг бөгөөд миний хувьд манай дүүргийн эмнэлэгийн үйлчилгээ их давгүй сайхан санагдсан. Өрхийн эмч намайг Баянголын төв эмнэлэг орохыг зөвлөөд интернэтээр цаг авч өгөв. Би эмчийн авч өгсөн цагт дүүргийн төв эмнэлэгт Арьс өнгөний эмч дээр очиж үзүүлсэн.

Эмч хараад л шууд оношыг хэлж өгсөн. Голомттой халзралт бөгөөд мэдрэлийн гүн ядаргаа, тархины цусан хангамж муудсанаас болж халзарсан байна гэв. Хэрэв ингээд яваад байсан бол нэг өдөр ухаан алдаад унах ч байсан юм бил үү. Тэгээд надад хоёр төрлийн тариа бичиж өгсөн бөгөөд нийлээд 140 орчим мянган төгрөг болсон. Ихэнх нь витамины найрлагатай байсан.

Хүмүүсээ та бүхэнд хандаж хэлэхэд өнөөгийн бидний амьдралын хэв маяг биднийг дархлаагүй, сул хүмүүс болгож байна. Биеэ сайн анхаарч а
ль болох эртхэн оношлуулж, эмнэлэгийн үйлчилгээгээ авч байгаарай. Өө нээрээ эмнэлэгээр явахад нэг ч төгрөг надаас гараагүй. Зөвхөн иргэний үнэмлэх, даатгалын дэвтэрийн дугаар л байхад болчихсон.

За бүгдэд нь эрүүл энхийг хүсэе.

Comments

Popular Posts