Tokyo Shinjuku 3 chyo me street




Токио хотын хамгийн төв цэг гэгдэх Шибуя , Шинжүкү , Харажюкү , Акихабара дүүргүүдэд бидний урьд өмнө харж үзэж байгаагүй сонин содон зүйлс олон байна.Гэхдээ сайн хайж, ангуучилж, мэдэрч чадвал...Гаднаас нь харахад жирийн л нэг түм түжигнэж бум бужигнасан, галт тэрэгний дуу хангинасан энэ гудамжуудын яг хаана нь тийм сонирхолтой зүйл байгаад байдаг юм болоо гэж би их гайхдаг байсансан. Гэтэл тэр жижиг хаалгуудаар, нарийн нарийн гудамжуудаар шагайж үзэхээс нааш сонин гэгч нь гарч ирдэггүй юм байж.

Өчигдөр Шинжюкү санчё мэ (新宿三丁目)гэх дүүрэгрүү явлаа.Энэ газрыг зугаа цэнгээний газар гэхээс гадна ижил хүйстнүүдийн гудамж гэж нэрлэх нь бий.Олон олон цэнгээний газрууд бүгд өөр өөрсдийн гэсэн хэв маягтай , хөгжмийн төрөл жанраар дагнасан бас зөвхөн эрэгтэйчүүдийг оруулна , зөвхөн эмэгтэйчүүдийг оруулна гэх мэт дүрмүүдтэй байх нь бий.
Зарим тохиолдолд л аль ч хүйстний хүмүүсийг оруулна гэсэн байх бөгөөд тийм өдөр нь бас нэг их олдоод байдаггүй юм шиг байсан... Жишээ нь долоо хоногийн 2 өдөр нь л хүйс харгалзахгүй оруулдаг бусад өдөр нь дан эмэгтэй эсвэл , дан эрэгтэй хүмүүсийг оруулна аа гэсэн байдаг.Энэ гудамжинд байрлах ихэнхи клубууд дээрхи зарчмын дагуу ажиллана.

Бидний орсон клубын нэрийг айсо (http://www.tokyo-club.net/aisotope-lounge/)... гэх бөгөөд тэр дүүрэгтээ нилээдгүй алдартай клубын нэг гэсэн. Алдартай гэдгийг юугаар тодорхойлоод байна вэ гэхээр ирдэг ди жэй нар бас орж ирдэг зочид гэх мэтээр.
Токиод байрлах ихэнхи клуб ууд асар жижиг бүжгийн талбайтай байдаг. Угаас төв газарт том газар авна гэдэг Токио шиг жижиг газар нутагтай их хүн амтай хотод чадаад байх зүйл биш биз. Тиймээс бүжгийн талбайгаас илүүтэйгээр дугардаг хөгжим , ирэх зочидоороо зиндаагаа тодорхойлоод байдаг юм уу даа гэж би харсан.
Өчигдрийн орсон тэр клуб гэхэд явж байгаа дуунууд нь , ди жэй нарын хөгжмийн сонголт нь, ремикс хийж байгаа арга барилууд нь өвөрмөц санагдав.No trance, No pitbull, No Niki Minaj...
Дээр үеийн рок хөгжим , жазз дуунуудыг тун эвтэйхэн хольж хутгаад хэмнэлд оруулсан байсан. Жишээ нь гэхэд эми вайн хаус , жон ленон , өөр юу юу байлаа, нэрийг нь даанч мартчих юм аа...

Гэхдээ миний сонирхолыг  өчигдөр нэгэн зүйл маш ихээр татсан. Тэнд нэгэн зочин дуучин Лондон хотоос ирсэн байсан бөгөөд яг ямар төрөл жанр гэдгийг нь би хэлж мэдэхгүй байна. Нэг тийм нилээд хэмнэлтэй , бийт ихтэй дуунуудтай, хип хоп ч гэмээр юмуу дуучин байсан. Тэр царайгаа нуусан юмуу , эсвэл хүмүүсийн сонирхолыг татах зорилгоор юм уу торон баг толгойдоо өмссөн байх бөгөөд түүгээр түүний нүд уруул хоёр арай гэж л харагдаж байв.

Тэр торон багныхаа дээгүүр давхарлан бас нэгэн баг өмссөн байх бөгөөд тэр баг нь жижиг жижиг төмрөн чимэглэлээс бүрдсэн.Халит харвал төмрөн л болохоос бөө нарын өмсгөлтэй тун төстэй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Харин доогуураа өргөн хар өмдийг түрийгээр татсан хар арьсан гуталтай хослуулан өмссөн байсан. Цээжээрээ өнөөх толгойд өмссөн торон багтайгаа адил материалаар хийсэн торон цээживч өмссөн байх бөгөөд түүн дотор түүний улаан өнгийн хөхөвч өмссөн нь харагдана.
Түүнд бараг мөөм гээд байх зүйл байхгүй юм шиг харагдсанаас болоод би тэр хүнийг магадгүй манин гэж таамаглав.Тэгээд ч тэр клуб бол гэй нарын бар шүү дээ.Магадгүй тийм учраас баг өмсөн өөрийн хүйсээ нууцалсан ч юм уу , хүмүүст таамаг дэвшүүлмээр санагдсан юм болов уу гэж бодогдов...

Тэр хүний дуулж байгаа дууны хэмнэл надад таалагдсан ч гэсэн яагаад ч юм тэр хүн надад маш их айдас төрүүлсэн учраас их сонирхолтой санагдсан. Би тэр хүнийг яагаад тийм сонин хүнд эвгүй санагдахуйц хувцас өмссөн талаар бараг эхний дуу дуустал нь бодов. Түүнээс үүдээд хүмүүс бид ямар сонин зүйл сэтгэн бодож олж болж байгааг анзаарав.
Тэр маш огцом хөдөлгөөнтэй , хүнээр дүрсэлвэл эминэмийн хөдөлдөг шиг , хааяа хааяа сөөнгө дуугаар танк юу хэмээн хамаг хоолойгоо шахан хашигарах нь их эвгүй ээ... Бас байн байн арын ширээн дээрээ тавьсан уух юмаа гэнт шүүрч аваад л, соруул амандаа зуух нь хүн биш яг л нэг амьтан тэр үйлдийг хийгээд байгаа ч юм шиг.

Тэгэж анзаарч зогссоор бараг нэг ч бүжиглэлгүй харсаар байгаад нөгөө хүндэт дуучныг үдэн буцаав.Хүмүүс орлилдоод л , уул нь их алдартай хүн болтой...Даан ч би мэдэхгүй юм аа чааваас.


Харин тэр дуучны дараа гарч ирсэн ди жэй энгийн нэг , бараг миний аав шиг хүн байв. Өмссөн хувцас үсний засалт нь хүртэл энгийнээс энгийн жирийн л нэг жинс , цулгай өнгийн даавуун цамцтай.Энэ дижэй бидэнд эми вайн хаусыг, электро хаусыг , жон лэнонийг, сонсголоо.

Клуб ын эргэн тойрныг ажиглавал загварын блог хөтлөгч нар , заримыг нь сэтгүүл дээрээс , нэвтрүүлгээс харж байсан гэхчилэн сонин содон хүмүүс нилээдгүй байв.Дотоож толгойдоо угласан,бараг эмэгтэй хүн шиг гоолиг биетэй лэйди бой оос эхлээд, бөгснийхөө талыг гаргасан бариун савхин өмдтэй эр, уранхай тирког дотоожгүй өмсөн алхлах эмэгтэй гээд л есөн шидийн л хүмүүс байсан. Тэд зүгээр л өөрсдийн эх орондоо, ертөнцдөө эрх чөлөөгөө эдэлж байгаа юм болов уу даа гэж би бодлоо.

Энэ бол шинжюкү дүүргийн гэй нарын гудамж 3 ,2  байлаа.

Comments

Popular Posts