Балзак ба бяцхан Хятад оёдолчин охин





Энэ бол гайхалтай бүтээл. Уг зохиолыг 1960 аад оны үед явагдсан Хятадын социалист улаан хувьсгалыг өөрийн биеэр туулсан Дай хэмээх эрхэм бодит явдлаасаа сэдэвлэн бичсэн байдаг. Зохиолоор ,Францын уран бүтээлчид 2000 оны орчимд Хятадын хамгийн алдартай гэгдэх 3 жүжигчнийг гол дүрд тоглуулан дэлгэцнээ мөнхөлсөн нь одоог хүртэл хэдэн мянган урлаг сонирхогч залуусын сэтгэл зүрхийг эзэмдсээр байна.

Энэ киног сайн мэдэхгүй, зохиолыг нь ч огт сонсож байгаагүй хүмүүс олон биз ээ.Тийм ч түгээмэл бус уг кино нь олон улcын кино наадмуудад оролцдог ч одоогоор Хятад улсад хориглогдоод байгаа.

Кино хоёр залуу царайлаг хөвгүүн Хятадын өндөр уулнаа авирч буйгаар эхэлдэг.Энэ хоёр бол киноны гол дүрийн баатар.Хоёр хүүгийн нэг нь урлагийн гэр бүлд өссөн хийл хөгжимчин,харин нөгөөх нь шүдний эмчийн хүү.
Улаан хувьсгал буюу ажилчны ангийнхан дээд эгнээнд очсон явдлаас болоод ийнхүү элит хүрээний хөвгүүд хөдөө цөлөгдсөн аж. Тухайн үед дээд боловсрол эзэмшсэн, элит хүрээний хүн бүрийг дахин боловсрол эзэмших шаардлагатай гэсэн нэрийдлээр хөдөө, тосгон зэрэг газарруу хар ажил хийлгэж сургахаар илгээж байжээ.


Хоёр хүүгийн илгээлт авсан газар бол Төвдийн ойролцоох өндөр уулын тосгон.Тэнд тогтвортой сууршин амьдардаг 30аад хүн л байна.Алслагдсан уулын хүмүүс, Мао удирдагч бол дэлхийн эзэн, хувьсгалыг магтан дуулах ёстой гэхээс өөр дэлхий ертөнцийн талаар мэдэх мэдлэг үгүй. Уулын хүмүүс хоёр хөвгүүнийг хүлээн авч, өөрсдийн хийдэг хар бор бүх ажлыг зааж өгөх үүрэгтэй бөгөөд , тус тосгоны ахлагч гэж нэгэн эрд дарамтлуулах нь элбэг.
Уулын хүмүүс цаг гэдгийг ч мэдэхгүй. Хоёр хүүгийн авчирсан сэрүүлэгтэй цаг,ном,хийл хөгжим зэргийг хараад их л сонирхон бас цаанаа юу юм бол гэсэн айдас тээцгээнэ.Гэвч хоёр хүү бүхнийг эвтэйхэнээр бүх л хүмүүст ойлгуулж, заахыг л хичээнэ.
Уулын хүмүүс  бичиг үсэг байтугай, ном , хөгжим, гадаад соёл юуг ч үл мэднэ. Харин хоёр хүү тэдний хажууд дэлхий ертөнцийн мөн чанарыг аль хэдийн таньсан мэт...
Хоёр хүүгийн хар бор ажилд нухлагдсан завгүй өдрүүд үргэлжилсээр.Жорлонгийн ялгадасыг том тэвшинд хийн нуруундаа үүрч ногоон талбайруу зөөнө. Энэ ажил халуун зуны хажууд хамгийн тамтай, заваан бохир нь байв.Гэвч хоёр хүүтэй зэрэгцээд уулын хүмүүс ч бас хичээнгүйлэн ажиллах болохоор бас ч гэж хань болно.

Тэдний уйтгартай залхамаар амьдрал нэг л өдөр сонирхолтой адал явдлаар бялхаж эхэлдэг. Тэр бол уулын тосгоны ганц оёдолчин,худалдаачин өвгөний ач охинтой учирсан явдал байлаа. Түүнийг бяцхан оёдолчин охин гэж дууддаг.Тэр бусад охидоосоо хамгийн хөөрхөн бас хамгийн сэргэлэн цовоо нь.Тэд гурвуул танилцсан цагаасаа хойш үргэлж хамт байх болжээ.Ийн явсаар хоёр хүү хоюулаа оёдолчин охинд дурлах боловч шүдний эмчийн хүү л өөрийн сэтгэлээ нээснээр охиныг өөрийн болгож авдаг. Хэдийн тийм зүйл болсон ч хийлчин хөвгүүн сайн найзын журмаар хар муу санах нь огт үгүй. Тэдний хөгжилтэй эвтэй найртай өдрүүдийн нэг хэсэг адал явдал бол ном хулгайлсан явдал.

Тухайн үед гадаадын уран зохиолууд мөн Xятадын хоёр гурван зохиолч нарын зохиолуудаас уншихыг хориглосон байдаг. Тэр дунд Францын зохиолч Балзак орсон байдаг. Хоёр хүү номын улаан шүтэн бишрэгч нар.Хачирхалтай тохиолдлоор хажуу тосгонд өөрсөдтэй нь адил илгээлтээр ирсэн яруу найрагчийн хүүгийн гэрт хориглогдосон зохиолууд байхыг олж мэдэх бөгөөд нэг авдар дүүрэн номыг нууцаар хулгайлан авдаг.
Тэд номоо уулын агуйд нуугаад өдөр бүр ирж өөрсдөө уншихын хажуугаар бяцхан оёдолчин охинд уншиж өгнө.Ийнхүү явсаар нэг л мэдэхэд уулын тосгоны бяцхан охин уран зохиол, урлаг, гадаадын соёлд татагддаг.

Киноны сүүл хэсэгт 15 жилийн дараах тэдний амьдралыг харуулдаг.Сайн зүйл нь гэвэл хоёр хөвгүүн аль хэдийн өөрсдийн байр суурийг олсон сэхээтэн хүмүүс болсон байх авч бяцхан оёдолчин охин л хаачсан нь үл мэдэгдэнэ.
Харин үүний учир гэвэл...Тэр охин зүгээр л өөрийн тосгоныг , өөрийн дурлалт залуугаа, өөрийн хайртай өвөөгөө, бүгдийг орхиод 15 жилийн өмнөх тэр л нэгэн зун бүр мөсөн яваад өгсөнд л байгаа юм.

Тэр нэг л өдөр билхүүсээр татсан урт хар үсээ тайрч хаяад, баадантай хувцасаа үүрэн тосгоноо орхиод явдаг. Түүнийг зогсоохоор өвөө нь гуйсан боловч дийлэлгүй арга ядан илгээлтээр ирсэн дурлалт залууд нь дуулгадаг. Хар хурдаараа гүйн юу болсоныг оёдолчин охиноос асуувал охин би том хотруу явж өөр амьдралаар амьдрахаар шийдсэн гэж хариулдаг. Гайхаж сандарсан залуу асар их хайрын харцандаа, нулимс цийлэгнүүлэн яагаад!? юунаас болоод?! гэж асуутал охин Балзак гэсэн ганц үгийг хэлээд шийдсэн замаараа яваад л өгнө.Хоёр хүү, ухаангүй дурласан охиныхоо хойноос дэмий л шаналан, бүлтийгээд үлдсэн тэр мөчөөс хойш 15 жил болсон байлаа.Хоёр хүүгийн амьдралын хамгийн учир утгатай гэмээр юмуу, хамгийн үнэ цэнэтэй цаг хугацаа нь уулын орой дээр оёдолчин охин ба Балзакын зохиолтой өнгөрүүлсэн үе л байсан мэт...
Энэ киног үзээсэй гэж хүсэж байна.

Comments

Popular Posts