Тээр жилийн нэгэн явдал ( Газар хөдлөлт ба 3сарын11)




Манай Монгол орон маань бодоод байхад сонин содон зүйл нэг их болоод байдаггүй үнэхээрийн тайван орон гэлтэй. Байгалийн онц сонин үзэгдэл бараг л байдаггүй. Харин сүүлийн үед энэ утаа нь л хэцүүдээд байгаа бололтойдог...

Мэдээ хаа нэг сонсож байхад тэнд тэдэн баллын газар хөдлөлт боллоо, энд тийм үер боллоо, тэгэж 100 аараа хүн амь үрэгдлээ гэх мэдээг бол чихний хажуугаар л сүн хийлгэчихнэ.Балл гэх хэмжигдэхүүний талаар яг таг мэдэх хүн ч Монголд цөөн л байх.Тийм болхоор өөрийн биеэр газар хөдлөлт тэр дундаа хүчтэй газар хөдлөлтийг мэдэрч үзсэн Монгол хүнийхээ хувиар нэгэн нийтлэл бичихээр шийдлээ.

2011 оны 3 сарын 11нд япон улсын зүүн хойд хэсэг хавиар хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийг Мияги газар хөдлөлт гэж нэрлэдэг юм байна.Мияги аймаг бол Сэндай хотод байрлана.Би ажлын шугамаар энэ хотод түр саатаад байсан үеэр газар хөдлөлт болсон билээ. Энэхүү газар хөдлөлтийн улмаас 15882 хүн амь үрэгдэж, 6142 хүн гэмтэж, 2668 хүн сураггүй болсон гэх мэдээлэл Википэдиад байрлагдаж. Дээрхи тооноос харахад л ямархуу хэмжээний хүчтэй газар хөдлөлт болсон нь харагдах биз ээ.
Газар хөдлөлт тухайн өдрийн үдээс хойш 2цаг 40 өөд минутанд болсон бөгөөд яг тэр үеэр би амьтны хүрээлэнд байлаа. Амьтад байгалийн гамшигийг эртнээс мэдрэх чадвартай гэдэг. Тэгвэл , 1 цаг 30 минутын үед амьтны хүрээлэнгээр орж ирэх үед амьтад чангаар хашгиралдан байсныг тод санаж байна. Сармагчин зэрэг амьтад чангаар хашгиралдан торныхоо аман дээр овооролдон шаагицгааж байсан.Тэр үед юу ч анзаараагүй. Харин газар хөдлөхөөс яг хэдэн секундын өмнө болон газар хөдлөлтийн дараахь үеэр амьтад нам гүм болсоноор тэд тайван бус байгаад байсныг анзаарсан.

Газар хөдлөхөд ямар байсан бэ...
Би анх удаагаа л тэр үед газар хөдлөх гэдгийг биеэрээ мэдэрсэн учир ердийнхөөс илүү хүчтэй , хүчгүй хөдөлж байгааг нэг их сайн ойлгохгүй байв.Тэр үед би яахаа мэдэхгүй бага зэрэг сандарсан ч хажууд байсан япон хүмүүс ер сандарсан шинжгүй хашлага бараадан сууцгааж байхыг хараад сандрахаа болин тэднийг дуурайсан.
Эхлээд нэг их хүчтэй биш зогсоогоороо тогтож чадаж байсанч 3 аад секунд болход хашлаганаас барихаас өөр аргагүй хүчтэй чичирч эхэлсэн.Ахиад хэдхэн секунд болоход дээш толгойгоо бараг өндийлгөмөөргүй хүчтэй чичрэлт явагдав.Миний хамгийн их балмагдсан зүйл бол доошоо харан зогсох үед газарт цууралт үүсэн ангалзаж байлаа.10 гаруй секунд болж үргэлжилсэн ч гэсэн маш удаан хугацаа мэт санагдаж байв.Удалгүй амьтны хүрээлэнгийн үүдэнд бүх хүмүүс цугларав.Тэр үед л хөгшин хүмүүсийн ярианаас ойрын 50 жилд болоогүй хүчтэй газар хөдлөлт болсон байсныг ойлгосон.

Гараад иртэл замын гэрлэн дохионууд ажиллахаа болиод, дэлгүүрүүдийн цонх хагарч, доторх бараанууд бүгд нурсан байх бөгөөд , зарим байшингийн хэв нь алдагдаж...Хүнсний дэлгүүрүүдийн үүдэнд урт оочир үүсэн хүмүүс худалдаж авч болохоор бүх л зүйлийг авч байв.Би бүлэг хүмүүстэй явж байсан бөгөөд тэднийгээ даган байрлаж байсан газраа очтол гэр танигдахын аргагүй эмх замбараагүй болсон байв.Утасны сүлжээ огт байхгүй, гэрэл цахилгаан тасарсан байлаа. Бид юун түрүүн байгаа хоол хүнсээ хуваарилан бөөгнүүлж бүгд байгаа зүйлсдээ хэмнэлттэй хандаж эхэлсэн.

Газар хөдөлснөөс хойш 10 цагын дараа бид хоргодох байр луу явцгаасан. Дүүрэг бүрт байх бага , дунд, ахлах сургуулийн биеийн тамирын заалнуудыг  аюултай үед хоргодох байр болгон ашиглахаар зохион байгуулсан байдаг аж. Хоргодох байраар орох үед бидэнд савласан жигнэмэг, цэвэр ус тарааж өгсөн. Хүмүүс дүүрэн байх бөгөөд бүгд хөнжил гудсаа дэлгэн унтацгаасан байв.Хоргодох байранд байрлах үед жижиг газар хөдлөлтийн чичиргээнээс болоод заалны хана таазны төмөрнүүд тачигнана. Тайзан дээр байрлуулсан чанга яригчаар хаана хэдэн хүн үхэж буйг шууд мэдээлж байв.Бид олуулаа явж байсан болохоор биесдээ үнэхээр их хань болж байсан бөгөөд тэр үед хүн хүндээ ямар их чухал болохыг ойлгосон.

Бидний байсан газар далайгаас 10аад километрын зайнд байрлаж байсан бөгөөд цунами ирэх аюул их байв.Байгаа газраасаа далайн зүг хартал нүүгэлдсэн хар үүлнээс өөр харагдах юм үгүй.
Газар хөдлөлтөөс болоод зарим замуудад эвдрэл гарч хот хоорондын тээвэр зогсонги байдалтай болсон байв. Гэхдээ л япончууд маш шуурхай ажиллаж чадаж байсан бөгөөд бүүр нэг газраа хэдэн хоног гацна гэсэн ойлголт бол  огт байгаагүй.Ирдэг цагаасаа цагаас илүүгээр хоцорч ирэх зэргээр 1 хоногийн дараа гэхэд хот хоорондийн зам тээврүүд хэвийн байдалд орсон.

Энэ мэтээр явсаар нэг л мэдэхэд төрөлх гэртээ очсон юмдаа. Тэр үед  хамгийн их шоконд орж , гүйлдэж байсан хүмүүс Монголчууд л байсан сан.Нарита нисэх онгоцны буудал дээр очих үед газраар дүүрэн мишок дэлгэн унтацгаах Монголчууд л байв.Ажлаа хаяад, сургуулиа хаяад гэрлүүгээ харьж яваа Монголчууд...Эх орон ч хүмүүс шүү...
Гэхдээ энэ манай олон улсын нислэг хийдэг онгоц маань зуугаад хүн л багтаах чадвартай жижиг байснаас болсон ч байж мэдэх юм...
Гэхдээ л ... тэр үед япон хүнээс л "энэ газар хөдлөлт ойрын 50 жилд болоогүй газар хөдлөлт"гэж сонсоогүй байсан бол , Монголын хэвлэл мэдээлэл тэр үгийг хоёоор үржүүлэн дамжуулаагүй байсан бол би л хувьдаа гэртээ харих хэмжээнд шийдвэр гаргахгүй л байсан байхдаа...

Comments